Мэдээ

Могойн гол ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батхүү: Иргэдэд бүхэллэг нүүрс нийлүүлж эхэлсэн

-Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар: “Могойн голоос чанаргүй нүүрс ирсэн тохиолдолд буцааж тухайн компани руу нь явуул. Хөвсгөлийн иргэд бид өрмийг гадагшаа ачуулдаг хусмыг нь өөрсдөө хэрэглэдэг ийм байж болохгүй. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд арга хэмжээ тооцно” гэсэн байна. Иргэдэд чанаргүй илчгүй нүүрс өмнө нийлүүлдэг байсан гэж ойлгож болох уу ?
-Могойн гол ХК нүүрсийг жижиглэнгээр зарж борлуулдаггүй байсан. Манай нүүрсийг уурын зуух, жижиглэн худалдаалагчид, хувь хүмүүс их худалдаж авдаг. Тэдгээр худалдан авагчид Баян тээгийн уурхайгаас авсан нүүрстэйгээ хольж зарах асуудал гардаг байсан. Баянтээгийн нүүрс нь манай нүүрснээс өөр хүрэн нүүрс. Энэ нүүрс нь асалтын хувьд сайн байдаг гэвч утаа тортог их тул манай нүүрснээн багахан хэмжээгээр хольдог. Могойн голын нүүрсний тухайд бол коксжих нүүрс учраас айл иргэдийн зууханд асахад хүндрэлтэй. Тэсэлгээ хийгдэж авагддаг тул нарийн ширхэглэлтэй байдаг тул иргэдэд ийм ойлголт төрсөн байх.
-Эрчим хүчний нүүрсний нөөц ямар хэмжээнд нөөцлөгдсөн бэ?
-2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэлийн хэрэгцээнд шаардлагатай нүүрсний нөөцийг хангахуйц хэмжээний нүүрсийг бэлтгэсэн гэж ойлгож болно. 40 орчим мянган тонн нүүрс нөөцөлсөн.
-Могойн голын нүүрс илч муутай гээд зарим иргэд түлэхээс татгалздаг энэ дээр ямар тайлбар хийх вэ ?
-Нунтаг нүүрс нь томоохон зуухнуудад сайн асдаг боловч жижиг өрхийн зууханд муу асдаг. Үүнийг нүүрс хэрэглэгчид илч муутай чанаргүй нүүрс гэж ойлгоод байгаа юм.
-Чанаргүй нүүрс гэж онцлоод байгаа нүүрсний бүтцийг мэргэжлийн түвшинд тайлбарлавал…(эрчим хүчний нүүрс яагаад хоёр ангилагдаад байна вэ чанартаа чанаргүй гэж )
-Эрчим хүчний нүүрсийг хоёр ангилсан асуудал байхгүй. Нүүрсийг илчлэг, к/калор зэргээс шалтгаалж коксжих болон эрчим хүчний нүүрс гэж хоёр ангилдаг. Нүүрсний к/калл харилцан адилгүй байдаг. Тухайлбал 4000 хүртэл илчлэг к/калл-тай, 4000-6500 хүртэл илчлэг к/калл-тай, 6500 дээш илчлэг к/калл-тай байдаг. Нүүрсэнд өрөмдлөг тэсэлгээний ажил хийгддэг учраас тодорхой хэмжээнд нүүрс нунтаг болдог. Нунтаг нүүрсийг иргэд түлж чадахгүйгээс болж нүүрсийг илч муутай асдаггүй гэсэн ойлголттой байдаг тухай өмнө нь тайлбарласан. Тийм учраас энэ жилээс нүүрсийг ангилж тодорхой хэмжээнд бүхэл болгон аймгийн хэрэглэгчдэд борлуулж байна. Эрчим хүчний нүүрсний хувьд Мөрөнгийн дулааны станц болон орон нутгийн уурын зуухнуудад нийлүүлдэг. Аймгийн засаг даргын гаргасан шийдвэрийн дагуу коксжих нүүрсийг ангилан ялгаад 5-20см дээших хэмжээтэй бүхэл нүүрсийг аймгийн хэрэглэгчдэд нийлүүлж эхлээд байна.
-Нүүрсийг илчгүй хэрэглэхэд асуудалтай байвал буцааж болох уу
-Хөвсгөл аймгийн засаг даргаас “Доголдолгүй нүүрсийг нийлүүл” гэсэн үүрэг даалгавар өгсөний дагуу илч муутай нүүрс явуулахгүй байгаа. Энэ жилийн олборлосон хамгийн сайн чанарын коксжих нүүрсний илчлэг нь 7000-аас дээш илчлэг к/к-тай байна. Энэ нүүрсийг аймгийн хэрэглэгчдэд нийлүүлж байна.

-Нүүрс иргэдийн гар дээр хэдэн төгрөгөөр очиж байна вэ ?
-Аймгаас Могойн голын сайн чанарын 1 тонн нүүрсийг айл өрхүүдэд 150.000 төгрөгөөр, 1 шуудайг 6000 төгрөгөөр иргэдэд худалдаалах шийдвэр гаргасан.

-300-350к борлуулагддаг байсан нүүрс 50 хувь хямд борлуулагдахаар зөрүү төлбөрийг хаанаас нөхөж төлөх вэ?

– Зөрүү төлбөрийн тухай асуудлыг Аймгийн засаг даргын тамгын газраас асуух ёстой болов уу. 300-350 мянган төгрөг гэдэг нь жижиглэн худалдаалагчдын үнэ ханш юм. Манай компанийн хувьд уурхайн аман дээрх нүүрсээ ТУЗ-өөс тогтоосон шийдвэрийн дагуу 93500 төгрөөөр зарж борлуулдаг хэдий ч иргэдэд бүхэллэг нүүрс өгөхийн тулд шигших зайлшгүй шаардлагатай болсон. Нүүрсний чанарын хувьд эргэлзэх хэрэггүй сайн чанарын нүүрс. Энэхүү зөрүү алдагдлыг Могойн гол ХК-ийн ТУЗ-д танилцуулж удахгүй шийдвэр гаргана. Мөн Могойн гол ХК-ийн 51 хувь нь Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчид харъяалагддаг учраас Аймгийн засаг дарга, ИТХ-аас шийдвэр гаргана гэж үзэж байна. Энэ нь Могойн гол ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажил болох юм. Могойн гол ХК нь орон нутгийн өмчит хувьцаат компани учраас нутгийн иргэдэд тодорхой хэмжээний хөнгөлөлт, дэмжлэг, тусламж, үзүүлэх зэрэг томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн.