Ордын танилцуулга
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс урагш 20-д километрийн зайд Могойн голын нүүрсний томоохон орд газар байгааг аймгийн геологийн хайгуулын анги хайгуул судалгааны олон жилийн ажлын үр дүнд 1967, 1970 онд нээж, 1967 онд Бүрхээр толгой, Могойн дүмбэнд топо геодезийн 1:5000 масштабын зураглал хийж, 1968 оноос нарийвчилсан хайгуулын ажлыг эхлүүлсэн байна.
Бүрхээр толгойн нүүрсний хайгуулын нарийвчилсан судалгааны ажлыг аймгийн Геологийг удирдах газрын геологийн инженер Р.Ганхуяг даргатай VI анги гурван жилийн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн байна. Тус ангид:
- Геологийн инженер Р.Миземхан (1968 онд 8 сар ажилласан),
- Техникч геологич Г.Балсанжав,
- Ахлах мастер Т.Тулгаа,
- Өрөмдөгч Т.Чантуу, Б.Дорж, Д.Пүрэвдорж, Д.Бульдан, Л.Даваасүрэн, Д.Санжсүрэн, Даваадорж,
- Жолооч Галсан (Газ 69 б/. С.Чимиддорж (Газ 63), М.Дуламсүрэн. Н.Цэдэн Иш (Газ 63 ац),
- Радио холбоочин Н.Лхагвасүрэн,
- Тогооч Н.Зурмаа
нар үндсэн болон туслах 30 гаруй ажилчидтайгаа ажилласан байна.
1968 1970 онд нүүрсний ордын геологийн тогтоц, хурдас чулуулгийн гарал үүсэл, найрлага, физик химийн шинж чанар, нүүрс хуримтлалын онцлог ач холбогдлыг судалсан байна. Судалгааны ажилд СБУД ЗиВ150 гэдэг ЗиЛ 157 машин дээр суурилуулсан 150 метр гүн өрөмдөх хүчин чадалтай өрөмдлөгийн суурь машинаар 50 гаруй цооногт бүгд 4500 орчим метр гүн өрөмдлөг хийж, нүүрсний гүн, нүүрс хуримтлалын талбайг тогтоохоор геологичид 250 км явган явж ажиглалт, 500 шоо метр суваг шуудуу, 200 метр худганцар, (шурф) ухаж, төрөл бүрийн дээжлэлт 1500 орчмыг авч, лабораторийн нарийвчилсан судалгаа хийжээ.
Нүүрсний физик химийн шинж чанарыг тогтоохын тулд Дарханы Дулааны цахилгаан станцад илгээж, лабораторийн шинжилгээгээр антрацит коксжих, хагас коксжих, эрчим хүчний нүүрс болох нь тогтоогдож, дулаан өгөх чадвар өндөр (3500 11000 килокалори илчлэг), хорт хольц, үнслэг, чийглэг багатай нь нотлогдож Хөвсгөл, Завхан аймгийн түлшний хэрэгцээг 90 100 жил хангах нөөцтэйг баталгаажуулсан. Нүүрсний зарим чанар нь Таван толгойн коксжих нүүрснээс давуу тул уг нүүрсийг чанаржуулагчаар ашиглах, шууд гангийн үйлдвэрт хэрэглэх боломжтой юм. Бүрхээр толгойгоос гадна Эрдэнэ толгой, Могойн хөндий, Хуримтын хөндий гээд нүүрсний арвин нөөц бүхий бүлэг орд байдаг. Үүний зэрэгцээ Могойн дүмбэнд 10 метр зузаантай гипсийг цементийн үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах боломжтойг тогтоосон байна.
Могойн голын нүүрсний орд газрын хайгуулын ажлыг түргэтгэж уурхайг ашиглаж эхлэх нь төр засгийн бодлогын хэмжээнд яригдаж анхаарлын төвд байв. Хөвсгөл аймгийн хувьд Эгийн голын далд уурхайгаас нүүрс олборлолтод хүндрэл учирч гүнээс нүүрс олборлоход ус их хэмжээгээр гарах болсон нь цаашид уурхайг ашиглах боломжгүй болж хаахад хүрвэл аймаг нүүрсээр тасалдах аюул нүүрлэж байсан юм.
Хөрш Завхан аймгийн нутагт нүүрсний илэрц бүхий газар илрээгүй байгаа учир хамгийн ойр зайд байгаа Могойн голын нүүрсний орд нээгдвэл ашиглах бололцоотой учир газрын хайгуулын судалгааг түргэвчлэн уурхайг яаралтай нээж ашиглаж эхлэх нь улсын бодлогын анхаарлын төвд байсан юм.
БНМАУ ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Бамдарын Дүгэрсүрэн Ховд аймагт ажиллаад буцах замдаа 1969 оны 9 дүгээр сарын эхээр Могойн голын нүүрсний орд газрын хайгуулын ажлын явцтай биечлэн танилцаад аймгийн удирдлагад хайгуулын ажлыг түргэтгэхэд анхаарах талаар үүрэг чиглэл өгч, Могойн голын уурхайг 1970 онд нээж ажиллуулахаар Засгийн газрын хэмжээнд ярьж төлөвлөж байгаа талаар ярьж байжээ.
Тус геологи хайгуулын анги гурван жилийн ажлаа 1970 оны эцсээр дуусган тайлангаа бичиж 1971 оны гуравдугаар сарын нэгний даваа гарагт Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны эрдэм шинжилгээ, техникийн зөвлөлийн хуралд 150 гаруй зураг материалаар баяжуулсан 100 гаруй хуудас бүхий орос хэлээр бичсэн тайлангаа танилцуулан хэлэлцүүлж “сайн” гэсэн дүнтэй хамгаалж байжээ.
Ингэснээр Монголд анх удаа нөөцийн баталгаа гараагүй нөхцөлд ашиглаж эхэлсэн Могойн голын нүүрсний уурхайн цаашдын хувь заяа бүрэн баталгаажсан байна. Могойн голын нарийвчилсан хайгуул судалгааг 1976, 1978 онд Улаанбаатар хотын Геологийн экспедицийн I Х анги хийж, 15,508.6 мянган тонн нөөцтэй байна хэмээн тооцож, ОХУ-ын стандартаар “Ж” маркад хамаарна гэсэн дүгнэлт гаргаж нөөцийг тооцож гаргаснаар, А+В д 1.16 сая тонн, С1 д 2.89 сая тонн, А+В+С1 д нийлээд 4.06 сая тонн байна.
Энэ нь үйлдвэрлэлийн аргаар ашиглах боломжтой бодитой нөөц юм. Цаашид хайгуул үргэлжлүүлэн хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ нүүрсний ордыг түшиглэн орон нутгийн чанартай уурхайг байгуулж 30 жил ашиглахаар тооцож, 89.73 га газрыг хамарсан Монгол Улсын 000384 тоот ашиглалтын лиценз, 85.21 га газрыг хамарсан Монгол Улсын Х V 013841 хайгуулын лиценз олгосон байна. 1992 онд уг орд газарт дахин хайгуул судалгааны ажил хийж, Могойн голын ордын зүүн талын үргэлжлэл дээр үеийн судлын дагуу нүүрсний нөөц байгааг тогтоосон бол 2009 оны эхний байдлаар ашиглалтад бэлтгэсэн нөөц 2 сая 207.9 мянган тонн нүүрс байна.
Могойн голын уурхай өөрийн эзэмшлийн 174 га талбайтай бөгөөд үүнд 11.4 сая тонн нүүрсний нөөц байгаа гэсэн таамаг байна. Энэ талбайнхаа 85 га талбайд нь 2012 онд хайгуул хийлгэн 10.2 сая тонн нүүрсний нөөц байгааг тогтоолгон ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна.
Нүүрсний нөөц ба чанар
“МОГОЙН ГОЛ” ХК нь Сайн чанарын коксжих болон эрчим хүчний нүүрс олборлогдог.
Ордын ерөнхий мэдээлэл
- Эзэмшил газрын хэмжээ: 174.2 га
- Ордын нүүрсний нөөц: 10,2 сая.тн (2021.01.01-ны байдлаар)
- Ордын талбай: 1*1.8 км
- Нүүрсний давхаргын тоо: 1
- Давхаргын уналын өнцөг: 8-10 хэм
- Хөрсний дундаж зузаан: 70 метр
- Хөрс хуулалтын дундаж хэмжээ: 1.2-2.6 сая м3 /жил
- Нүүрс олборлолт: 100-250 мян/тн жил
- Хөрс хуулалтын дундаж коэффициент: 7.2 м3 /тн
- Ордын ашиглах хугацаа: 32 жил (ТЭЗҮ тодотгол 2021 он)
Ордын нөөц
2011 онд уурхайн нөөцөд нарийвчилсан хайгуулын ажил хийж нөөцийг 10.2 сая тонн, нүүрсний нөөцийн 80 хувь нь коксжсон экспортын сайн чанарын нүүрс, 20 хувь нь эрчим хүчний зориулалтаар ашиглах таваарын нүүрс болохыг судалгааны байгууллагууд тогтоов.
Олборлох хүчин чадал
Уурхайн ТЭЗҮ 2,5-3 сая метр куб хөрс хуулж 200 250 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар батлагдсан. 2022 онд 1,2 сая метр куб хөрс хуулж, 115 мянган тонн эрчим хүчний болон коксжих нүүрс олборлож зах зээлд борлуулахаар ажиллаж байна. 2023 онд 2,9 сая метр куб хөрс хуулж, 250 мянган тонн нүүрс олборлохоор уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулан бэлтгэл ажилдаа ороод байна.
Түүхэн замнал
-
1970-07-01
Уурхай байгуулагдав
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор уурхай байгуулагдав.
-
1971
22 мянган метр куб хөрс хуулалтын ажил хийж 17.4 мянган тонн нүүрс олборлов.
-
1980
Жилд зуун мянган тонн нүүрс олборлох, өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлэв.
-
1985
Жилд 102.3 мянган тонн нүүрс олборлов.
-
1989
127.6 мянган тонн нүүрс олборлон 351.7 мянган метр куб хөрс хуулж дээд амжилт тогтоов.
-
1994
“Могойн гол” хувьцаат компани болов
Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 35 дугаар тогтоолоор Могойн голын уурхайг хувьчилж 51 хувь нь орон нутгийн өмч, 49 хувь нь хувийн өмч оролцсон хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулагдав.
-
1995
ЭКГ-5а Цахилгаан экскаватор, СБР 160 A өрмийн машин ашиглалтанд оруулав.
-
2011
Уурхайн нөөцөд нарийвчилсан хайгуулын ажил хийж нөөцийг 10 2 сая тонноор тогтоож нүүрсний нөөцийн 80 хувь нь коксжсон экспортын сайн чанарын нүүрс, 20 хувь нь эрчим хүчний зориулалтаар ашиглах таваарын нүүрс болохыг судалгааны байгууллагууд тогтоов.
-
2011 – 2018
Өөрийн хөрөнгө оруулалтаар 3.2 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийв.
-
2022
1.2 сая тонн метр куб хөрс хуулж 115 мянган тонн эрчим хүчний болон коксжих нүүрс олборлов.