“Могойн гол” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батхүү
Хагас зууны өмнө буюу 1970 онд тухайн үеийн төр, засгийн шийдвэрээр Хөвсгөл, Завхан аймгийг илч дулаанаар хангах Могойн голын нүүрсний уурхайг байгуулж Ц.Чадраабал даргатай анхны 13 уурхайчин гал голомтыг нь бадраан олборлолт хийж эхэлснээс хойш даруй 53 жил өнгөрчээ.
Могойн голын нүүрсний ордыг анх 1950 аад оны дундуур Монгол, Оросын хамтарсан геологичид илрүүлж, 1968 1970 онд Мөрөнгийн ураглалын экспедицийн (одоогийн “Хөвсгөл геологи” ХК) хайгуулын VI анги нэмэлт хайгуул хийж, нөөцийг тогтоосон байдаг. Өнгөрсөн 53 жилийн хугацаанд манай ахмад уурхайчид олон хүндрэл, бэрхшээлийг даван туулж, хэрэглэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй иелүүлж ирсэн ахмад уурхайчид болон одоо ажиллаж байгаа уурхайн хамт олныхоо хичээл зүтгэл, ахиц дэвшлээр бахархаж байна.
Манай уурхайн хамт олон сүүлийн жилүүдэд түүхэндээ хамгийн их хөрс хуулалтын ажил хийж, хүнд хэцүү нөхцөлд төлөвлөгөөт зорилтоо амжилттай биелүүлэн Хөвсгөл, Завхан аймгийн ард иргэдийг илч дулаанаар хангах нүүрс олборлолтын үүргээ амжилттай биелүүлж байна. Компанийн удирдлага уурхайдаа техник, технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлээ өргөтгөн, нүүрсээ хуурай аргаар баяжуулж, шинээр суурилуулсан нүүрсний чанарын лабораторио түшиглэн хэрэглэгчдэд чанартай нүүрс нийлүүлэх, инженер техникийн ажилтнуудаа сургаж мэргэшүүлэх, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх зэрэг том зорилтуудыг өмнөө тавин богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Могойн голын ахмад уурхайчдын хагас зууны өмнө гал голомтоо бадраасан он жилүүдийн баялаг түүх үе үеийн уурхайчдын хүч хөдөлмөрөөр баяжин арвидсаар байх болно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Компанийн тухай
“Могойн гол” ХК нь анх 1970 онд Хөвсгөл болон Завхан аймгийн түлшний хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан бөгөөд өдгөө 50 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа хагас зуун жилийн түүхт уул уурхайн компани юм. Компанийн өмчийн 51 хувь нь Хөвсгөл аймгийн буюу орон нутгийн эзэмшилд, 49 хувь нь хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байхаар зохицуулагдсан байдаг бөгөөд нийт 160 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний уриа
Илч дулааныг үеэс үед, зуунаас зуунд.
Бидний эрхэм зорилго
Могойн голын уурхайн хамт олон үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэн олон улсын чанар стандартад нийцсэн нүүрсийг олборлож, ажилтнуудаа аюулгүй орчинд, сэтгэл хангалуун ажиллах, өсөж дэвших боломжоор ханган ажиллаж, эдийн засгийн хувьд бие даасан орон нутгийн хөгжлийг тэргүүлэгч компани болно гэсэн зорилго тавин ажиллаж байна.
Алсын хараа
Олон Улсын чанар стандартад нийцүүлсэн нүүрс олборлогч компани байна. Бидний дээдлэх үнэт зүйл Бид дэвшилтэт технологийг эзэмшиж чадварлаг, эвсэг хамт олныг бүрдүүлэн бизнесийн үр ашгаа нэмэгдүүлж, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлнэ. Уурхайн хамт олон үйл ажиллагааныхаа бүх шатанд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг дээдэлж, хүн байгаль орчин, орон нутагт сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхай эрхэлнэ.
Бүтэц, зохион байгуулалт
Орчин нөхцөл
Монгол Улсын хоймор нутаг болох Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Бүрхээр багт ажиллаж, амьдарч буй нийт иргэдийн эрүүл, аюулгүй байдалд аятай тухтай амьдрах, орчин нөхцөлийг бүхий л талаар бүрдүүлэн ажиллах нь “Могойн гол” ХК-ын нэн тэргүүний зорилт байдаг.
Дэд бүтэц
Уурхайд техник, технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлээ өргөтгөн, нүүрсээ хуурай аргаар баяжуулж, шинээр суурилуулсан нүүрс химийн лаборатори ашиглан хэрэглэгчдэд чанартай нүүрс нийлүүлэх, инженер, техникийн ажилтнуудаа сургаж мэргэшүүлэх, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэх зэрэг зорилтуудыг өмнөө тавин ажиллаж байна.
Ажиллаж, амьдрах орчин
Могойн голын уурхайн хотхонд 100 гаруй өрх, 300 гаруй иргэн амьдарч байгаа бөгөөд уурхайд 110 гаруй хүн ажиллаж байна. Спорт цогцолбор, халуун ус саун, машин тоног төхөөрөмжийн засварын төв шинээр байгуулж, дөрвөн айлын орон сууцандаа их засвар хийж ая тухтай орчин бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Могойн голын уурхайн төв нь :
- Захиргааны байр
- Нүүрс химийн лаборатори
- Бага сургууль
- Багийн эмнэлэг
- Хүүхдийн цэцэрлэг
- Дөрвөн айлын орон сууц
- Хувцас угаалгын газар
- Халуун ус
- Зочид буудал
- Спорт заал
- Туслах аж ахуйтай.